Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэр доороо дуугүй болж орхив. Анхаарал төвлөрүүлж, урд байгаа номоо унших минь гэж бодлоо. Номын хуудсан дээрх үг, үсэг нэг нэгээрээ бүрэлзэн, ном унших байтугай, анхаарлаа ч төвлөрч өгсөнгүй. Элдэв янзын бодол толгойд эргэлдэн, өнө эртний болсон явдлууд ч нүдний өмнүүр сүүмэлзэх шиг болов. Үгүйээ, би хичээлээ хийх ёстой гэж бодлоо замхаруулах гэж оролдлоо. Хэр хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нэг мэдэхэд дахиад л тэр номын үг үсэг будгэрээд эхлэв. Харин энэ удаа номын сан доторх дуу чимээг сонсож суулаа. Тодруулагчаар номын хуудсан дээр зурж байгаа хяхтанах, өөдөөс харж сууж байгаа залуугийн зөөврийн компютерынхаа товчон дээр хурдан шаламгай товших, хааяа нэг энд тэнд хүний ханиах, ширээний нөгөө буланд хосуудын бувтналдан ярилцах, тээр хол байгаа лифтний хонх чимээгүйхэн чарлах, ард цаасан дээрээ хүчтэй дарж бичсэн бололтой, их л хүч гарган балруулдах, номын хуудасны эргэх, цаас шажигнах, ширээн дээр байгаа гар утасны чичрэххийлэх, зайдуухан бодол болон суугаа бүсгүйн уртаар санаа алдах, зарим нэг хүний эвшээх, зөөлөн хивсэн дээрх хүмүүсийн алхах, хэн нэгний ширээ тогшох чимээ бүгд нийлээд амьдрал өнөөдөр яг энэхүү мөчид ч гэсэн өрнөдөгөөрөө өрнөн байгааг сануулах мэт санагдана. Ингэж суутал хажууд сууж байсан охин босоод явчихсан байгааг анзаарлаа. Би энэ бүсгүйг удаан мэдэж байгаа нэгэн. Яаж танилцсан, сайн найзууд болцгоосон гэдэг их сонирхолтой боловч урт түүх билээ. Товчхондоо, би анх энэ бүсгүйтэй уран зургийн музеид танилцсан юм. Шинэ үзэсгэлэнгийн нээлт болж байсан санагдана. Шавааралдсан олны дундаас тэгэхэд л түүнийг олж харсандаа, анх. Хүн анхны харцаар дурлана гэж юу байдгийг тэгэхэд л ёстой ойлгосон. Анх удаагаа харж байгаа ч гэсэн, нэг л танил царай, олон зууны өмнө мэддэг ч байсан юм шиг, өмнө нь тэр хүнрүү шуналтайгаар, энэ хорвоод өөр юу ч байхгуй мэт ширтэж өдөр хоногийг өнгөрөөж байсан мэт мэдрэмж төрснийг санаж байна. Яг л цаасан дээр цэг холбож зураг бүтээдэг хүүхдийн тоглоом шиг, гэхдээ хоёр талаас нь хоёр харандаагаар зэрэг яваад нэгэн цэгт уулзах тэр эгшин, тэрхүү зураг бүтэн болох тэр мөч. Би өмнөх амьдралууддаа яг л энэ хүнийг хайж явсан мэт, олон зууны туршид үргэлжилсэн эрэл хайгуул минь яг энд л дуусгавар болох мэт сэтгэгдэл. Магадгүй бурхан бидний замыг залж яг тэнд, тэр мөчид бид хоёрыг уулзуулсан байх. Хүний амьдралд тохиодог торгон агшнуудын нэг болоод ч тэр үү, эртний тэр нэгэн оройн мөч бүхэн сэтгэлд тодоос тод үлджээ. Тэр бүсгүй буцаад ширээлүүгээ ирж яваа нүдэнд туслаа. Миний зүг алхаж байгааг нь харан суухдаа би энэ нэгэн бүсгүйд хичнээн хайртайгаа дахин дахин ухаарч суулаа. Би энэ бүсгүйг юунаас ч айхгүйгээр, хэнээс ч харамлахгүйгээр ганцаараа, хүссэнээрээ хайрлаж чадах билээ. Учир нь чамайг алдах вий гэж надад айх юм огт байхгуй, учир нь чи хэзээ ч минийх байгаагүй, учир нь чи хэзээ ч минийх байхгүй учир. Учир нь энэ хайрыг зөвхөн уншигч та бид хоёр л мэднэ. Учир нь өөр хэн ч мэдэхгүй.