Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртөө хүргэх зав өгөлгүйгээр "боломжийг ашиглаад" шууд л лаптопоо шүүрч аваад удаан үгүйлсэн блогдох мэргэн санаагаа хэрэгжүүлээд сууж байгаа нь энэ бөлгөө.

Би анх 5 гаруй жилийн өмнөөс энэ блог дээрээ аар шаархан жижиг сажиг зүйлс бичиж эхэлжээ.   Хэдэн хүн надтай санал нийлэх юм бүү мэд, гэхдээ би өөрийгөө ер нь бичгийн муу ч үгүй авъяастай нэгэн гэж боддог. Шүлэг, дэмийрэл, богинохон хэмжээний өгүүллэг, өөрт таалагдсан нийтлэлийг копи пайст хийх гээд нийт 139 нийтлэлийг энэ хугацаанд оруулсан байх юм. Би өнөөдөр статистик ярих гэж суугаагүй болохоор олон юм нуршилгүй шууд хэлэх гэсэн санаагаа өчье.

Надад хэр их нөлөөлснийг би яг хэлж чадахгүй ч ямар ч байсан худлаа үнэн блог хөтөлдөг байсан минь миний бичих чадварыг сайжруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн биз. Хамгийн гол нь "би хэн бэ" гэдгээ нээж танихад надад нэлээдгүй тус болсон юм шиг санагддаг. Бичих тусам, тэр дотроо өөрийгөө уудлах тусам хүн өөрийн дотоод ертөнцрүүгээ улам өндийн гүнзгий нэвтрэн орж голоос нүцгэн гараараа загас барих мэт, өвснөөс харанхуй шөнө тэвнэ хайх мэт тэмтэрч, самарч бас самнан самнасаар хайж байгаа зүйлээ эцсийн эцэст олдог гэж би боддог.

Мэдээж хэрэг цаг хугацаа улиран өнгөрөх тусам хүн илүү ихийг үзэж, илүү олонтой учирч ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага нь төлөвшдөг ч хаанаас хэзээ яаж ирснээ, дамнан өнгөрсөн харгуй замаа умартахгүйгээр санагалзан, би өмнө нь хэн байлаа, юу гэж боддог байв гэхчлэн асуултын хариуг хэзээ ч олж харан эргэцүүлэл дүгнэлт хийх боломжийг блог хүнд  олгодог бөгөөд өөрийн зовлон шаналал, баяр баясал, уй гашуй, хайр дурлал гээд бүхий л мөч бүхнийгээ хадгалан үлдээсэн тэр хүний дижитал түүхэн дэвтэр шиг санагддаг.

Үргэлжлэл бий...