source: news.gogo.mn

Би энэхүү нийтлэлийг уншах бээр уур хүрэх, өрөвдөх мөн харуусах нийлэн сэтгэлийг минь зүсээд л явчихлаа. Гэнэт л, ... хүн нэг л заяасан амьдралдаа ингэж нохойноос доор, өөрийнхөө арчаагүйдээ амьдарч байгааг өрөвдөж, эдгээр хүмүүсийн хөл алдарсан алдааг дэндүү хатуугаар шийтгэх хорвоо ертөнцөд гомдон харуусаж, энэ л ХҮМҮҮСИЙГ ад үзэн “булшлах” нийгэмд уур хүрлээ. Мөнхүү өөрийнхөө амьдралын хэв маягийг энэ л “нийгмийн хог шаар” гэж томъёлогдсон хүмүүсийнхтэй бодон харицуулав. Та нэг уншаад үзээрэй. Нэгийг бодогдуулж юуны магад.
-Амар

-”Тамын тогоонд чанагдах” гэж тэд газар доорх амьдралыг сонгоогүй-
Xүмүүний төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил гэдэг. Эхийн хүйгээс тасарч орчлонд шороо хөдөлгөх гэж ирчихээд газар дор тамд ирсэн юм шиг амьдрахыг хэн ч хүсэхгүй.
Алга эргүүлж урвуулахын дайтай хүний амьдрал эргэж хөрвөдөг гэдэг. Сайхан амьдрах замаасаа хазайн "траншейн" хэмээх газар доор амьдрагсад нийслэлд 1200-гаас хол давжээ. Тэдэнд “хүн гөрөөс” гэж хүртэл нэр хайрласан байх юм.
"Сайн явахад садан мундахгүй, саар явахад дайсан мундахгүй" гэдэг шиг траншейны хүмүүсээс садан төрлөөс нь эхлээд хүн бүр зай барьж, нийгмийн хог шаар хэмээн үзэн ядна. Уг нь тэд бидний адил эхээс мэндэлж, ангир шар уурагаар амлуулсан. Гэсэн хэдий ч тэд хүний ертөнцөөс тэс өөр орчинд хорвоогийн бор шар хоногийг хэцүүхэн туулж явна.
Өглөөний жавар тасхийж траншейны нүхнээс уур савсан байх. Тарвага ичээнээсээ гардаг шиг хүмүүс газар доороос цухуйж их хотын нүргэлээнд замхран бэдчинэ. Траншейнд хүүхэд төрж, тэнд бидний ирээдүй өсч байна. Үнэндээ уудам нутагтай, цөөн хүн амтай түүхэн ард түмэн газар доор хүнээ амьдруулна гэдэг хамгийн арчаагүй явдал.
Хүнээ байсан хүн гэж энэ хорвоод үгүй биз ээ. Аливаа хүмүүний сэтгэлийг уудалж зөв замд нь залах юм бол энэ хүмүүс эргээд газар дээр сайхан амьдрахын төлөө хичээх нь гарцаагүй юм. Гол нь тэдний хөлдсөн сэтгэл зүрхийг гэсгээж хат суулгах юм бол амьдралын эрч хүч эдгээр хүмүүст бий гэдэгтэй эргэлзэхгүй байна.
Миний нэг танил урд нь явж байсан нэг өвгөнийг гэнэт унахад нь босгожээ. Гэтэл тэр өвөө "Ах нь нэг уначихаараа босч чаддаггүй юм. Баярлалаа хүү минь" хэмээн хоолой зангируулан хэлсэн гэдэг. Тэр хүн ноорхой хувцастай бидний нэрлэдгээр траншейны хүн байжээ. Дараа нь найз минь "Ийм хүмүүст бид хэзээ ч хайр энэрэл илгээдэггүй юм байна. Дэмнээд босгоход л хоолой нь зангирч байгаа юм чинь тэр хүнтэй ярилцаж сэтгэлийг нь уудалбал их юм гарах байх даа" хэмээн хуучилж байсан.
Үнэхээр бид тэднийг байнга л нүд үзүүрлэхээс биш хүн гэдэг утгаар нь хэзээ ч ханддаггүй. Ар гэрийнхэн нь хүртэл зугтааж аль болох өөрөөсөө холдуулна. Хэрэв тэднийг эхнээс нь нийгэм нь ч тэр, ар гэрийнхэн нь ч зөвөөр ойлгож, зөв замд нь залсан бол Монгол Улс юу гэж газар доорх хүн сүрэгтэй болох билээ дээ.

[click on the title to read more]




Траншейныхан хэн хүнээс эртлэн ажилдаа гарцгаадаг байна. Ноорхой хувцастай. Ойртоод очихын аргагүй эхүүн үнэр үнэртэх тэд лааз, шилээ цуглуулах гэж хүмүүсээс урьтан босоцгоодог аж. Улаа эргэтэл явж пункер ухасныхаа эцэс өдөрт хоёроос гурван мянган төгрөг олдог байна. Иддэг хоол нь бэлэн гоймон, хуурай идэх юм.
Бид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад оюутны байрны хашаан доторхи траншейнийг зорив. Тэндээс 50 гаруй насны эрэгтэй гарч ирлээ. Ердөө 2-3 хүн багтах эл траншейны нүхэнд 13-лаа хоноглодог аж. Санаанд буумгүй зайнд ийм олуулаа багтана гэдэг арга ядсан хэрэг гэлтэй.
Дээр үед "Зил-130" машины кабинд 10 гаруй хүн багтсан хэмээн ярьдаг шиг тийм жижигхэн зайнд 13 хүн багталцан хоног төөрүүлдэг байна. Уг траншейнд нэг залуу унтаж байв. Дотор нь картонон цаас, навсархай дэвсгэр дэвсжээ. "Ерөөл"-ийн шил, бэлэн гоймонгийн сав гээд хог энд, тэндгүй хөглөрнө. Доторх хоолойноос халуун ус дусалж байв. Дусалж буй халуун усаар тэд бэлэн гоймонгоо бэлтгэдэг гэнэ. Уг хоолой задарвал энд хоргодох 13 хүн шалзарч үхэхгүй гэхийн баталгаа алга.
Үнэхээр сэтгэл эмтрэм орчинд энэ хүмүүс амьдарч байна. Энд амьдардаг13 хүнээс нэг нь эмэгтэй аж. Биднийг очиход эмэгтэй байсангүй. Тэрээр 22 настай гэнэ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь 2-3 жил энэ траншейнд амьдарчээ.
Муу муухай бүхний эхлэл хэмээн бусдад адлагдах траншейны хүмүүс баян айлын нохойноос хэд дахин дор орчинд амьдарч байна. Тэдэнд хэвтэх хэвтэр, өмсөх дулаан хувцас, идэх хоол гэж алга. Амь сөрөн инженерийн шугам сүлжээний худгуудад өвлийн хүйтнийг өнгөрөөдөг аж.
Энэ худгууд олон хүнийг түлж алтан амийг нь авч одсон. Тэдний араас хэн ч эмгэнэж гашуудахгүй нь харамсалтай. Муу юм үхэж дээ гэж хүлээж авахаас биш хөөрхийдөө хэмээн халаглах хүн ховор. Ийм л хатуу нийгэмд бид амьдарч байна. Өнөөх Монгол хүний мөс чанар хаана явна вэ. Төр засаг нь эдгээр хүмүүсийг хүний тооноос хасчихсан. Гудамжинд траншейны хүн хэвтэж байгааг харсан хэний ч сэтгэл өвддөггүй энэ цагт газар доор амьдрагсад "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу"-хан амьдралын хүндхэн нугачааг амь сөрөн давж явна.
Уг нь гадны улс орнууд ийм хүмүүстээ зориулан хоноглуулах дулаан байр барьж өгдөг юм билээ. Гэтэл манайд энэ тухай ярьж байгаа ч биелэлээ олсон нь үгүй юм. Тансаг хаусанд амьдрах эрхмүүд энэ хүмүүсийн амьдралтай хэзээ ч явж танилцдаггүй. Өөрсдийнхөө хаусын тоог л нэмэхээс биш газар доор хүний бус амьдралаар амьдарч яваа хүмүүст хонох дулаан гэр барьж өгнө гэдэг зангууны үлгэр.
Бүх юм нь төрийн данснаас хасагдсан амьдаараа "булшлагдсан" эдгээр хүмүүсийн ирээдүй үнэхээр бүрхэг байна. Гэмт хэргийн уул уурхай хэмээн бурууг тохохдоо сайн хэрнээ энэ хүмүүсээ яаж нийгэмшүүлэх вэ гэдгээ төр засаг умартдаг нь харамсалтай.
Эдгээр хүмүүсийг өмөөрөх гэж би энэ сэдвийг хөндөөгүй юм. Монгол хүний уужуу сэтгэлээр цус нэгтэй ахан дүүсээ газар доороос газар дээр амьдруулах юмсан гэсэн үүднээс үзэг цаас нийлүүллээ. Үнэхээр энэ хүмүүс сэтгэлдээ хөл алдаж хэдэн удаа унаа бол. Наад зах нь бид гудамжинд гуйлга гуйх хэн нэгэнд мөнгө шидэж өгдөг. Ийм ёсон хаана байна. Тэр хүмүүст тийм харгис хандаж байхад бидэнд эргээд өс санах нь мэдээж.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Газар доорх хүн сүрэгт жаахан л сэтгэлийн дэм хайрлан дэмнээд өгвөл хөл дээрээ зогсох байлгүй дээ тэд. Төр засаг нь хүнээ малаасаа дорд үздэг цөвүүн цаг хэзээ алсрах юм бол оо.
ХООЛОЙ ЗАДАРВАЛ БИД "MAXAH ХУУРГА" БОЛООД Л ҮЛДЭХ БАЙХ
(Тэрээр нэрээ нууцалсан юм)
-Хэдэн жил траншейгаар амьдарч байна вэ. Яагаад траншейны амьдрал сонгох болов?
-Би 2003 оноос хойш траншейнд амьдарч байна. Зундаа барилгын ажил хийгээд өдөр хоногийг өнгөрөөдөг. Би өөрөө засал чимэглэлийн мэргэжилтэй. Гэхдээ үнэмлэх байхгүй. Харин өвөлдөө хөлдөж үхэхгүйн тулд траншейгаар гэр хийж амьдардаг. Манай гэр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байдаг. Гэхдээ 2003 оноос хойш нэг ч удаа очоогүй.
-Яагаад?
-2003 онд эмээ маань нас барчихсан. Би эмээдээ их хайртай байсан болохоор эмээгээ нас барсныг сонсоод их цочирдсон. Тэгээд сэтгэл санаагаар унаад нэг мэдсэн чинь ийм амьдралыг сонгочихсон.
-Тэгвэл гэртээ очвол гэрийнхэн чинь хүлээж авах нь ээ дээ?
-Тийм хүлээж авна. Гэхдээ хүн чинь нэгэнт л ийм амьдрал руу орчихоор эргэж гарч чаддаггүй юм байна. Уг нь би авгай хүүхэдтэй л дээ. Гэхдээ авгайтайгаа таарч, тохирохгүй байсаар байгаад салчихсан. Ер нь хүн гэдэг чинь эмзэг байх юм даа.
-Одоо авгай хүүхэд чинь хаана байдаг вэ. Холбоотой байдаг уу?
-Хааяа л нэг холбоо барьдаг юм. Харин өчигдөр санаандгүй тохиолдлоор тэр хоёртойгоо уулзсан. Хороололд амьдарч байгаа гэсэн. Авгай цагаан хаалганы тэнд айлын байр засаж байгаа гэнэ лээ.
-Чамд өөрийн гэсэн бичиг баримт байна уу?
-Надад одоо төрсний гэрчилгээ, найман настайдаа, 16 настайдаа авахуулсан цээж зураг, мөн паспорт авч байгаагүй гэсэн лавлагаа, хуучны эрүүл мэндийн даатгал л байна. Уг нь оны өмнө дөрөвдүгээр дэлгүүрийн тэнд эмзэг бүлгийн хүмүүст хоол өгсөн юм. Тэр үед "Амьдрах ухаан" төвийнхөн орон гэргүй, бичиг баримтгүй иргэдийг бүртгээд бичиг баримтжуулна гэж хэлсэн. Тэгсэн одоо бараг л бүтэхгүй шинжтэй болж байна.
-Тэгэхээр хүний хөгжлийн мөнгөө аваагүй гэсэн үг үү?
-Тэр чинь олддоггүй ш дээ. Бид өөрсдөө л шил, лааз цуглуулан, хоол ундаа зохицуулдаг. Хэн нэгнээс гуйлга гуйн, хүн дээрэмдэж, гэм хийхгүй амьдарч байна. Хүмүүс л биднийг харахдаа "Траншейныхан гээд гадуурхаж, айж зугтаагаад байдаг болохоос биш хэн ч анхаарал тавьдаггүй. Бид чинь амьдрахын эрхэнд уранхай, ноорхой хувцастай, шуудай үүрэн хог түүж яваа болохоос биш хүн хаздаг нохой биш шүү дээ. Дулаан цагийг л хүлээж байна даа. Дулаан орвол ажил төрөл хийгээд, амьдрал овоо л дээрддэг юм. Ядаж л траншейнд хоног төөрүүлэхгүй байх боломжтой.
Энд халуун гэж жигтэйхэн. Энэ, халуун усны хоолой задарвал бид "махан хуурга" болоод л үлдэх байх. Аман дээр нь сууж байгаа хүн ч ууранд нь түлэгдээд гарч амжихгүй. Ер нь энэ хоолойг энэ жилдээ багтаж солихгүй бол задрах болчихоод байгаа. Одоо энэ хоолойноос нь дусаал дусаад бөөн чийг. Дусаал усаар нь цай чанаж уугаад л...
Ер нь бид чинь амьдралгүй ертөнцөд л амьдарч байна. Баячууд нь ч яахав "Паартай байшин, Паалантай жорлондоо" сайхан амьдраад л... Харин ядуучууд, орон гэргүйчүүд ингэж л аж төрж байна даа.
-Бичиг баримтгүй, үнэмлэхгүй гээд ажилд авахгүй байх тохиолдол байна уу?
-Нэг их тэгээд байдаггүй. Очоод шууд гэрээ байгуулаад ажилладаг юм.
-Хэрэгт орооцолдох нь хэр байдаг вэ?
-Угаасаа ийм газар амьдарч байгаа хүмүүс жаргалтай байна гэж байхгүй. Архи дарс, тамхи эргүүлж л таарна. Харин хэрэг төвөгт орооцолдох нь бага. Гэхдээ байцаагдах тохиолдол гардаг ч айхтар том гэмт хэрэг хийнэ гэж байхгүй шүү. Ер нь нийгмээс бидэнд тавих анхаарал халамж гэж алга. Бид бусдын адил ажил хийгээд сайхан амьдармаар байна.
Түүнтэй ярилцчихаад явах гэтэл тэрээр "Хөөе эгчээ... Та тэр 76-даа идэж уухаа багасгаад доор байгаа хүмүүсээ жаахан ч гэсэн хайрла" гэж хэлээрэй хэмээн хоцорсон юм.
БИ АМЬД БАЙНА
-Таныг хэн гэдэг вэ. Хэдэн настай вэ?
-Ахыг нь Сэргэлэнгийн Ганпүрэв гэдэг. Энэ жил 52 нас хүрч байна даа.
-Хэдэн жил траншейнд амьдарч байна вэ?
-Траншейны амьдралаар амьдраад 16 жил болж байна. Их олон траншейнаар явлаа. Харин энэ жилээс эхлэн энд суурьшиж байгаа юм. Өмнө нь амьдарч байсан траншейг маань гагначихсан.
-Та яагаад энэ замаар явах болов?
-Мэдээж миний, бидний буруу гэж байлгүй яахав. Гэхдээ иймэрхүү амьдралд орчихоод, дэмжлэг өгөхгүй байгаа төрийн өндөрлөгүүдэд ч гэсэн зохих хэмжээний буруу байгаа. Ах нь Дорнод аймгийн хүн. Гэрийнхэнтэйгээ муудалцаад тэгээд хотод орж ирсэн юм. Гэхдээ намайг ийм амьдрал хүлээнэ гэж мэдсэнгүй. Одоо өөрийн гэсэн орон гэргүй учраас л траншейнд амьдарч байна. Тэгснээс биш энэ чинь хүн хүсээд байхаар сайхан газар биш шүү дээ. Дулааны шугамтай учраас их халуун. Ус алдана, түлэгдэнэ гээд өчнөөн зовлон байна. Энд олон ч хүн түлэгдсэн дээ. Ах нь хүртэл хөлөө түлээд тайруулчихаад байна. Шагай орчмоор тайрах болов уу гэж бодож байтал, өвдөгний доод хэсгээр тайрчихсан. Одоо таягтай. Ажил ч хийж болохгүй үнэхээр хэцүү байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газарт хатуу гэгчээр хорвоогийн шар хоногийг чадан ядан туулж явна.
-Таягтай учраас ажил хийхэд хэцүү гэлээ. Тэгээд өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж байна?
-Таягтай би хаашаа холдох билээ дээ. Тэгээд ч гадаа хүйтэн байна. Би нимгэн хувцастай учраас гадуур хамаагүй явахаар хөлдчих гээд байдаг юм. Тиймээс хамт байдаг залуучууд маань шил, лааз түүгээд олсон мөнгөөрөө хоол унд бэлтгэн гол зогоож байна. Тэд шил, лааз цуглуулаад өдөрт 2000-4000 мянган төгрөг л олдог. Бид нэг траншейнд арван хэдүүлээ амьдардаг. Тийм болохоор хоол хүрэлцэхгүй байх тохиолдол их. Гэвч адилхан зовлонтой хүмүүс хэнийгээ түлхэх вэ. Аль болох ойлголцоод л амьдарч байна. Ер нь хүний бие организмд нөлөөлөх шим тэжээлтэй хоол идэж чадахгүй, бэлэн гоймон, хуурай идэх юмаар л өдөр хоногийг өнгөрүүлж байна.
-Энд амьдарч буй залуучуудын насны хувьд?
-Ихэвчлэн 21-25 насны залуучууд л байна. Хамгийн бага нь 21 настай. Хамгийн хөгшин нь би. Тэд бүгдээрээ л янз бүрийн шалтгаанаар энд ирсэн. Өөрсдийнх нь буруу ч байна. Нийгмийн буруу ч байна. Монголын ирээдүй болсон олон сайхан залуу траншейгаар амьдарч байгаад сэтгэл их өвддөг. Би ч яахав хадан гэртээ дөхөж яваа хүн. Эдгээр залуусыг харахад үнэхээр эмгэнэлтэй.
Залуучуудыг ажил төрлөөр хангахгүй, амьдрал ахуйг нь харж үзэхгүй байгаа төрд л гомдох юм. Энд өрлөгчин, мужаанчин гээд төрөл бүрийн ажил мэргэжилтэй сайхан залуус байна. Гэвч энэ залуучуудыг ажилд авах газар нэг ч алга. Нэг ёсондоо түлхээд байна. Тэднийг ямар зам руу түлхээд байгаагаа төр ойлгохгүйд л хамаг учир байгаа юм. Эдгээр хүмүүс аргагүй эрхэнд, өлсөж цангахын цагт гэмт хэрэг үйлдэж байна. Залуу хүмүүс мэдээж хүн шиг хувцас өмсөж, хүн шиг хоол идэж, хүн шиг амьдрахыг хүсч л байгаа. Гэмт хэргийн эх үүсвэр эндээс гарч байна.
Өнөөдөр энэ траншейгаар амьдарч байгаа залуус ирээдүйн алуурчид болохгүй гэх баталгаа алга. Эд чинь нохойн амьдралаар амьдарсныхаа төлөөсөнд өс санаж байна. Тиймээс хүн гэсэн нэр төрөнд нь жаахан ч гэсэн ойртуулж, эдгээр залуучуудад анхаарал тавиасай гэж хүсэх байна. Би ч яахав хийдгээ хийсэн хүн. Харин энэ залуучууд л хайран байна.
-Та өөрөө ямар ажил мэргэжилтэй вэ?
-Би өмнө нь хилийн цэргийн офицер хүн байлаа. Харин зах зээлийн нийгэмд сайн дураараа ажлаасаа гарчихсан юм. Энэ бол ёстой миний буруу. Хэрэв ажлаасаа гараагүй бол би ингэж амьдрахгүй ч байсан юм бил үү. Ажлаасаа гарсандаа үнэхээр харамсдаг юм.
-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байлаа. Хоёр хүү, нэг охинтой. Одоо тэд маань Дорнод аймагт байгаа. Гэхдээ тэдэнтэйгээ харилцаа, холбоо тасраад олон жил болж байна. Сураг сонсох нь ээ тэд их сайхан амьдарч байгаа гэсэн. Арга ч үгүй дээ би тийм сайхан амьдрах хэмжээнд нь хүргэж үлдээсэн. Тийм болохоор тэдэндээ нэг их санаа зовдоггүй юм.
-Та гэр бүлийнхэн дээрээ очих юмсан гэж боддог уу. Ер нь очвол таныг хүлээж авах болов уу?
-Одоо очоод яахав дээ. Иймэрхүү байдалтай амьдарч байгаагаа харуулмааргүй байна. Тэгээд ч намайг хүлээж авна гэдэг юу л бол. Би итгэхгүй байна.
-Хотод хамаатан садан чинь байдаг уу. Тэдэн дээрээ очиж үзсэн үү?
-Байдаг. Сая хэллээ ш дээ. Ийм болчихоод, ингэж амьдарч байгаагаа тэдэнд харуулмааргүй байна. Гэхдээ очиж үзээгүй. Ер нь одоо чинь зах зээлийн нийгэм. Энэ зах зээлийн нийгэм чинь "би үхэхээр чи үх" гэсэн уриатай болоод байна. Тэгэхээр ийм үед тэд надад тусална гэдэг юу л бол.
-Танд ямар нэг бичиг баримт байдаг уу? Хэрвээ өвдвөл эмнэлгийн тусламж авч чаддаг уу?
-Надад ямар ч бичиг баримт байхгүй. Бас бидэнд өвдөх эрх ч байхгүй. Учир нь ямар ч бичиг баримтгүй болохоор эмнэлгийн тусламж авна гэж байхгүй. Ер нь бид яг л нохой шиг амьдарч байна. Айлын тэжээвэр нохой хүртэл биднээс дээр амьдарч байгаа. Тэр иргэн бүрт тараагаад байдаг хүний хөгжлийн мөнгийг нь ч аваагүй л байна. Ингэж амьдарч байгаа цөөн тооны хүмүүс байна. Тиймээс энэ хүмүүсийг албан ёсоор бүгдийг нь цуглуулаад, бичиг баримтжуулж болдоггүй юм байх даа. Ажил хийгээд, сайхан амьдаръя гэсэн бодолтой өчнөөн залуус байна. Тэдэнд жаахан ч гэсэн анхаарал хандуулмаар байна. Ийм бусармаг нийгэмд амьдарч байхаар үхэх юмсан гэж бодогдох л юм. Гэхдээ амиа хорлоод ч яахав дээ.
Б.Ариунзаяа, Б.Батчимэг