Жил хагас ор сураггүй алга болоод блогдоо эргэн ирж байна. (Энэ удаа жинхэнээсээ байх болтугай) Удахгүй нээнэ гэж төлөвлөж байгаа дизайн голлосон портфель маягийн цахим хуудасныхаа эхлэл болгоод нэгэн цагт нуугдах талбар минь болж байсан миний мөрөөдөл, гуниг, инээд, бухимдал гээд дурсамжуудын эрээвэр хураавар, цоохортсон хэсгүүдээс бүрдсэн энэ л блогныхоо өнгө үзэмжийг нь бага сага засчихлаа, ямартай ч. Хэсэгхэн бодлоосоо хуваалцъя.

Би баян хүн гэдгээ бага багаар ойлгосоор. Урсан өнгөрөх цаг хугацааны хэмжүүр ч гэлтэй, амьдрал үзэж, алдаж, онож, шинийг эрэлхийлж, хуучнаасаа суралцах тусам, өдрөөс өдөрт өчүүхэн ч гэсэн өсөн тэлэх ухаандаа хол ойрыг эрэгцүүлж боддог болов. Гүехэн бодол нь гүнзгийрэх тусам, хүн ижийгээ улам ойлгодог юм байна. Би ээжтэй хүн гэдгээ эцсийн эцэст ухаардаг юм байна. Би ээжтэй хүн. Тийм ч учраас би баян хүн. Мэдээж, би бас азтай хүн. Бурууг минь хэлж, алдааг минь засдаг, голдоо ортол гомдсон ч хүүгээ гэсэн сэтгэл нь хэзээ ч үл мохох амьд бурхантай хүн. Амьдрал баялаг юм даа.

Ээж бүгдийг мэднэ

4 настайдаа:   Ээж бүхнийг мэднэ!
8 настайдаа:   Ээж олон юм мэддэг.
12 настайдаа: Ээж бүхнийг мэддэггүй.
14 настайдаа: Ээж юу ч мэддэггүй.
16 настайдаа: Ээж хэнд ч хэрэггүй.
18 настайдаа: Ээж хэтэрхий хуучинсаг.
25 настайдаа: Ээж мэдэж магад!
35 настайдаа: Ээжээс эхлээд юу ч гэсэн асууя, шийдвэр гаргахаасаа өмнө.
45 настайдаа: Ээж үүний талаар юу гэж бодож байгаа бол?
75 настайдаа: Ээж минь байсан бол ээжээсээ асуух юмсан.

/Хэдэн жилийн өмнө нийтийн сүлжээгээр viral явсан энэхүү богино мөртлөө гайхалтай утга санаа бүхий зохиомжиор өөрийн бодлоо өндөрлөе./