Өнөөдөр өдөржингөө өрөөндөө хий дэмий сууж байгаад дэлгүүр орохоор нэг гарлаа. Яг нар бууж байгаа үе таарсан болохоор гадаа их гоё. Байшингийн орой дээгүүр алтан наран сүүлчийн туяагаа цацруулан, удахгүй шөнө болж, саран авхай хүрэлцэн ирэхийг сануулах мэт. Гадаа их сайхан, намуухан, шувуудын жиргээ сонсогдоод л хавар цаг айлчин ирж байгаа нь нэн таатай. Дэлгүүрийн зүг алхаж явахдаа харин би элдвийг бодож явлаа. Гэнэт яасан юм бүү мэд, зүрх сэтгэл минь нэг л зүйлийг үгүйлээд, их л ганцаардаж байгаагаа мэдрэх шиг. Бодвол нөгөө "Хаврын синдром" нь юм байлгүй. Хавар цагийг хайрын дурлалын улирал гэдэг. Цэцэг ногоо дэлбээлэхээс гадна ан амьтад үр төлөө олдог үе. Хүн болгон л хайр сэтгэлдээ бялууран аз жаргалтай алхах шиг. Харин би ганцаараа иймэрхүү юм бодон алхаж байлаа.

Хүн хайртай хүнтэйгээ цуг байж чадахгүй гэдэг хэцүү. Хайртай хүн чинь чамайг тоохгүй бол бүр хэцүү. Миний сэтгэл тэр нэгэн бүсгүйг л үгүйлээд байгааг би мэдэж байна. Хэдийгээр тэр надад хоёулаа ер нь бүтэхгүй, чи намайг мартсан нь дээр гэдгийг дахин дахин хэлж ойлгуулсан ч гэсэн би үгүйлэхгүй байж чадахгүйм. Заримдаа түүндээ уур хүрэх шиг ч болох юм. Гэхдээ надад харамсах зүйл ямар байх биш. Бид хоёр хамгийн сүүлд бараг 4 сарын өмнө уулзсаныг би санаж байна. Намайг явахын өмнөхөн тэр гэрийн минь гадаа ирснийг би санаж байна. Хоёулаа чимээгүй болчихдог үе байдагдаа, хэн нь ч юм дуугарахгүй. Тийм байдал гаргахгүй гэж би хэнд ч хамаагүй унадаг дугуй энэ тэр яриад л. Тэгэхэд намайг юу гэж бодсийм бүү мэд. Энэ нэг тэнэг амьтан ч гэж бодсон байж магадгүй. Хэхэ.

Тэр удаа би чамайг надад нэг юм хэлэх гээд л байгааг чинь мэдэрсэн. Чи гэхдээ юу ч хэлээгүй. Хэлээгүй нь ч дээр байсан биз. Би дахиж шаналахыг тэр үед огт хүсэхгүй байх байсан нь лавтай. Чамтай баяртай гэж хэлэхийнхээ өмнө баярлаа гэж би хэлэх юунд гэж асууж билээ. Би зүгээр л гэж хэлээд өнгөрсөнсөн. Тэгэхэд би надтай баяртай гэж хэлэх гэж зорьж ирсэнд чинь баярлалаа гэсийм. Чиний алаг нүд уруу ширтэх дахин нэг боломж олгосонд баярлалаа гэсийм. Чи надаас бас уучлалт гуйсныг чинь санаж байна. Шаардлага байгаагүйээ, уучлалт гуйх. Би чамайг аль хэдийн уучилчихсан байсан.

Цаг хугацаа нисэн өнгөрөх юмдаа. Би одоо сар гаруйн дараа амрах гэж байдаг. Хурдан юмаа. Энэ хугацаа өнгөрөх тусам би нөхцөл байдалтай бага багаар эвлэрсээр байна. Болсон бүхнийг эргэцүүлэн бодоход, магадгүй чи намайг хувь хүн талаас нь хэцээ ч таньж мэдээгүй бололтой. Хэдийгээр нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч гэсэн би чамайг мартаагүй. Чиний тухай бодол надад гэхдээ сүүлйин үед уйтгар, шаналал, эсвэл гүн бодол авчирхаасаа илүү инээмсгэлэл бэлэглэдэг болсон. Чамтай учирсандаа өөрийгөө азтайд би үргэлж тооцдог. Чамтай дараа дахиж хэзээ, хаана уулзахыг би мэдэхгүй. Гэхдээ тэр мөчийг би дандаа хүлээж байх болно.