
Миний дээр үед бичиж байсан нэг тэмдэглэл байна...
...Би ширээнийхээ ард суугаад цонхоороо харахад нэг л муухай, сэтгэлээр ч унамаар гэмээр, саарал бас зэврүүн харагдана. Миний өрөөний цонх яг төв цэцэрлэг буюу талбайруу харсан уг нь их гоё байрлалтай. Ихэвчлэн би олон цагийг цонхоор ширтэн суугаад гудмаар алхан буй хүмүүсийг ажих дуртай. Энэ удаад хүмүүс бүгд л муухай царайлан, уур уцаартай, хашаа ч юм нэгэн зүгт яаран алхах шиг надад санагдана. Ер нь гадаа цаг агаар муухай байхад хүний сэтгэл санаа адилхан таагүй байдаг ч байж магадгүй. Би цаанаа л, нэг л гунигтай. Миний сэтгэлийг зөвхөн хүмүүсийн барьж яваа элдэв гоё содон өнгөтэй шүхрүүд л чимэх шиг болно. “Гадаа ч ямар муухай хогийн байна аа, нар гараасай” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Энэ миний өнгөрсөн хэд хоногийн дүр зураг. Сүүлийн хэдэн өдөр бүрхэг, жихүүн, хүйтэн бороо цутгасан тийм л өдрүүд байлаа.
Харин өнөө өглөө намайг нарны гэрэл сэрээх нь тэр. Нар гарчээ. Хурдлан босож нүүр гараа угаасан болчоод дотуур байрнаасаа гарлаа. Хүмүүс жаргалтай гудмаар хөлхөлдөнө. Тэнгэр өөд би харлаа. Цэлмэг тэнгэр л үзэгдэнэ. Тортойх ч үүл алга. Гайхалтай. Алтан нар дулаан элчээрээ нурууг минь илэн таалана. Зөөлөн шившээ салхи үлээх нь улам тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Миний цонхоор нэгэн том мод харагддаг юм. Их том. Хэдэн настайг нь мэдэх юм алга. Ямартай ч хэмжээнээс нь харахад миний насан дээр аав ээж хоёрынхоо насыг нэмсэн ч тэр модны насанд хүрэхгүй байх. Одоо даан ч бүх навчис нь уначаад өрөвдөлтэй харагдаж байгаагаас биш уг нь зуны дэлгэр цагт хүмүүс байнга сүүдэрт нь суух дуртай байдгийм. Нарыг дахиж харсандаа би баяртай байлаа. Явган хүний зам дээр энд тэнд жижиг жижиг шалбааг харагдана. Нөгөө айхтар борооноос зөвхөн энэ л үлдсэн гэхэд хачирхалтай. Яг энэ шалбаагнууд шиг миний сэтгэлд бас бүдэг бадаг гуниг энэ тэнд холхино. Би даарч байна. Өрөөндөө орохоосдоо...
-Амар
Friday, January 18, 2008
0 comments :
Post a Comment