
Хутгаар хэрэв хэн нэгнийг зүсвэл шарх нь тэгээд л аниж орхино. Харин үгээр хүнийг хутгалвал хэцүүхэн юм шиг. Тийм шарх л харин анихад хэцүү байдаг юм. Хүний хамгийн эмзэг цэг болох зүрх сэтгэлийг үгээр хутгалж орхивол тэгээд л "конец". Үгүй ер нь бодоод байсан чинь хутгаар ч байсан бас л "конец"-лдоо. Аргагүй л эмзэг газар юм даа.
Би тэр эмзэг цэгээ хэт бусдад нээлттэй байлгадгаас анхнаасаа л наад зах нь элдэв шороо тоос наалдаад салдаггүй байсийм. Харин нэгэн өдөр хадаас зоогдчихсон харамсалтай явдал болсон. Авах гээд авч чаддаггүй, дэндүү их өвдөөд болдоггүй. Би эмчид очиж зүрхлээгүй юм. Айснаасаа тэр. Хамаагүй оролдвол үхчихнэ гэж бодсондоо тэр. Угаасаа таньдаг эмч ч байсангүй. Нэлээд ч удаан тэр чигээрээ явлаа тэгээд. Өвчин нь бүр сүүлдээ дийлдэхээ байгаад, үхвэл ч үхэг яавал ч яаг хэмээн зориг шулууддаг юм байна. Суглах гэж үзлээ. Яааааяааааяаааа! хэмээн орилох дуу корридороор дүүрэн цуурайтав. Яах учраа бараад гайхан сууж байтал нэгэн мэргэн санаа толгойд ороод ирлээ. Удаан, алгуурхнаар татаад үзвэд гайгүй байх гэж бодлоо. Туршаад үзэв. Болж байна шүү. Тэр нэг хадаасыг тэгээд сугалах ч гэж зөндөө удсандаа. Дахиад алтан наран тэнгэрт мандлаа. Би чадлаа, сугалан авч. Ингээд боллоо гэтэл бас болсонгүйээ. Зүрхнийхээ голд нээх том хар нүхтэй хоцров. Цус маш багаар шүүрэн гарна. Шарх нь яваандаа аних байх гэж санаад би хүлээв. Огт анихгүй ч байгаам уу, дэндүү удаан аниад ч байгаам уу бүү мэд, ямар ч өөрчлөлт үл мэдэгдэнэ. Гайхалтай!, би зүрхэндээ тэгээд л нүхтэй болчихов. Ядахдаа л харахад муухай гэж санаад бөглөх гэж оролдов. Олон ч төрлийн нөхөөс тавьж үзлээ, нэмэр алга. Хадаасны шарх нь гаднаас үл харагдавч өөрт илт мэдрэгдэнэ. Зүгээр л олон давхар нөхөөс байгаагаас цаашгүй. Нүх нь хэвээрээ. Тэр нүхтэй зүрх нэгэн цагт бүтэн байсан гэдгийг дурсан санахаас өөр зам үлдсэнгүй. Би ядахдаа сорвитой ч хамаагүй эдгээчихмээр байдаг. Тэгтэл бас тийм юм байдаг гэнээ, дам яриагаар сонсоход. Хайр гэдэг юмийг олоод авчихвал ямар ч шархтай зүрх эдгэдэг гэнэ. Нүх нь битүүрдэг гэнэ. Мундаг ернөдөг юм байх. Цаг хугацааны ширүүн урсгалд нэгэн цагт ингэж явсан хэмээх таних тэмдэг төдий өчүүхэн сорви л үлдээдэг гэнэ. Тийм нөхөөсийг нь даан ч би хаанаас олохоо мэдэхгүйм харамсалтай нь. Хүмүүс өөрөө чамд ирдгээс биш чи хайж олдог эд бишээ гэж нэг л шоолсон байдалтай хэлцгээнэ. Ямар ч хачин хорвоовдээ. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй миний бие "Одоо тэгээд л би, хүлээгээд л суугаад байх хэрэг үү?" хэмээн бодоод уртаар шүүрс алдлаа.
2008-07-11
0 comments :
Post a Comment