
Нүдээ аниад арав хүртэл тоол гэлээ. Нэг....Хоёр....Гурав....Дөрөв.... Буун дуу чангаар тас хийх нь сонсогдов. ....Тав.... Энэ юу байж болох вэ? Юун буун дуу вэ гэж гайхан бодов. Нүдээ нээмээр байсан ч тэсээд тоолж дуусгахаар шийдэв. ....Зургаа.... Түүнийг минь буудчихсан байвал яанаа гэж айдас төрлөө. Арай үгүй байлгүй дээ. Хэн буудах юм бэ, хорхойд ч хоргүй амьтан юмсан. Харин одоо нүдээ нээхээс би айж эхэллээ. ....Долоо.... Өмнө нь ийм их айдаст автаж байсангүй. Хамаг биений хүйтэн хөлс асгарах шиг болоод нуруулуу хүйт даагаад явчлаа. Би чичирч байлаа. ....Найм.... Арав хүртэл тоолох ийм удаан гэж мэдэж явсангүй. Цаг хугацаа яг л зогсцон юм шиг, мөч бүхэн жил, арван жил, бүр зуун жил шиг урт санагдлаа. Ямар аймаар юм бэ. ....Ес.... Хэн нэгний наашаа алхах хөлийн чимээ сонсогдов. Энэ хэн байж болох вэ хэмээн бодлоо. Одоо намайг бас арай алахаар ирж байгаам биш биз гэсэн бодол толгойд зурсхийн орж ирлээ. Ээжээ... ....Арав.... Чив чимээгүй болов. Хажууд хүний зөөлөн амьсгалах нь сонсогдов. Алгуурхнаар нүдээ нээлээ. За алив явъя гэж тэр минь хэлээд машины зүг алхлаа. Би тэр шөнө юу болсныг хэзээ ч харин асууж зүрхлээгүйм.
0 comments :
Post a Comment